МОНГОЛЫН АГРОНОМЧДЫН ХОЛБОО НҮ, ТББ-ЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

19-01-2024, 15:09

Монголын Агрономчдын Холбоо НҮ ТББ-ын Тэргүүний 2023оны 01 сарын 16 өдрийн01 тоот тушаалын 1-р xавсралт

МОНГОЛЫН АГРОНОМЧДЫН ХОЛБОО НҮ, ТББ-ЫН

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журам нь Монгол улсын ТББ-ын тухай хууль, Монголын Агрономчдын Холбоо НҮ, ТББ-ын дүрэм, дотоод журамд үндэслэн газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй хөтлөн явуулахад мэргэжилтний оролцоог нэмэгдүүлэх (зөвлөх үйлчилгээний журам гэх) зөвлөх агрономч, газар тариалангийн аж ахуйн нэгжүүдийн хооронд үүсэх харилцааг зохицуулна.

 

Хоёр.Зорилго, зорилт, үйл ажиллагааны чиглэл

2.1Зорилго:

Монголын Агрономчдын Холбоо НҮ ТББ-ын гишүүдийн (зөвлөх, тэргүүлэх) газар тариалангийн үйлдвэрлэлд үзүүлэх мэргэжлийн үйлчилгээний үр дүнг сайжруулах, тэдний үйлдвэрлэлд өгөх зөвлөмж, туслалцааг чанаржуулж, харилцаа холбоог бэхжүүлэн, хамтын үйл ажиллагааг дэмжин ажиллахад журмын зорилго оршино.

2.1.1Улс орон, нийгмийн хөгжилд газар тариалангийн гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдол, тулгамдаж буй асуудалд зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй гишүүд мэргэжилтнүүдийг өргөнөөр оролцуулах.

2.1.2Монгол орны газар тариалангийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд агрономчид, судлаачдын анхаарлыг хандуулан дайчлан оролцуулах.

2.1.3Төр засгийн бодлогын хэрэгжүүлэхэд агрономч мэргэжилтний үүрэг оролцоог нэмэгдүүлэх.

2.1.4Газар тариалангийн үйлдвэрлэлд орчин үеийн техник технологийн ололтыг нэвтрүүлэх, зүгшрүүлэхэд зөвлөх, тэргүүлэх агрономчид манлайлан оролцох

2.2Зөвлөн туслах үйл ажиллагааны чиглэлүүд:

Газар тариалангийн хөгжилд шинжлэх ухааны ололт, амжилтуудыг бүтээлчээр нэвтрүүлэхэд мэргэжлийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг зохион байгуулах, дэмжих үйл ажиллагааг орон нутагт жишиг хэмжээнд зохион байгуулахад зөвлөх мэргэжилтнүүд мэргэшсэн чиглэлийн дагуу зөвлөн туслах үйл ажиллагаа явуулна.Үүнд:

ØХөрс боловсруулах, хөрсний үржил шимийг нөхөн сэргээх

ØҮр тариа, таримал тэжээл тариалах технологи

ØТос, техникийн ургамал тариалах технологи

ØХүнсний ногоо, ашигт болон эмийн ургамал тариалах технологи

ØХүлэмжийн аж ахуй, хөрсгүй тариалангийн технологи

ØЖимс жимсгэнэ, мод үржүүлэг

ØУргамал хамгаалал, хог ургамал, өвчин хортонтой тэмцэх технологи

ØҮр үржүүлэг

ØОйн зурвас, агро-ойжуулалт

ØУсалгаатай тариалангийн технологи

Гурав. Зөвлөх агрономч ажиллуулах, зөвлөн туслах ажиллагааны гэрээний нөхцөл, гэрээбайгуулах, цалин хөлсийг тооцох

3.1. Төрийн бус байгууллагын төв болон орон нутаг дахь салбар хороод нь аж ахуйн нэгжүүд, хувь хүнд шаардлагатай зөвлөгөөг өгч хамтран ажиллах тэдний бизнессийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

3.1.1. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх агрономч нь зэрэг олгох журмын дагуу болзол хангаж, тус холбооны мэргэшлийн зэргийн сургалтанд сууж гэрчилгээ авсан байна.

3.1.2. Эрхэм зорилго, дүрэм, журамд нийцүүлэн , зөвшөөрөгдсөн тамга, батлагдсан загварыг ашиглан хамтран ажиллах гэрээ байгуулна.

3.1.3. Хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн газар тариалангийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу 2-3 зөвлөхийг санал болгож, тэдний хүсэлтийн дагуу сонгогдсон зөвлөхийн нэр дээр гэрээ байгуулна.

3.1.3.Зөвлөхийн нэг өдрийн хөлс 200000 (Хоёр зуун мянган төгрөг)байна. Уг төлбөрийг Монголын агрономчдын холбоо ТББ-ийн Хаан банкны 5028612144 тоот дансанд шилжүүлнэ.

3.1.4. Зөвлөх агрономчийн ажиллах хугацааны унаа, хоол, байрны асуудлыг гэрээ байгуулж буй аж ахуйн нэгж бүрэн хариуцна.

3.1.5.Зөвлөхийн гэрээнд заагдсан төлбөрийн үнийн дүнгийн 15 хувь нь суутгагдах бөгөөд үүний 10% нь ХАОАТ, 5% нь холбооны үйл ажиллагааны зардалд зарцуулагдана.

Дөрөв. Аж ахуйн нэгжийн эрх, үүрэг

Тухайн аж ахуйн нэгж өөрийн аж ахуйн үйл ажиллагаанд шаардлагатай зөвлөгөөг авах, зөвлөгөөний дагуу шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, зөвлөхийн өгч буй зөвлөн туслах арга ажиллагааны талаар санал солилцох, өөрийн техник технологийн талаар нээлттэй хэлэлцэх

Тав. Зөвлөхийн эрх, үүрэг

5.1. Гэрээнд заасан зөвлөх ажлыг тогтоосон хугацаанд биечлэн гүйцэтгэнэ.

5.2. Ажил гүйцэтгэхээр захиалагчаас авсан санал хүсэлтийг харгалзан шаардлагатай нэмэлт материал, тооцоолол гаргаж өгч болно.

5.3. Захиалагч аж ахуйн ургацыг нэмэгдүүлэх, ургацын чанарыг сайжруулах чиглэлээр өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг шаардах эрхтэй.

5.4. Зөвлөхийнудирдсан үйл ажиллагаа болон зөвлөмжөөс гарсан алдааг дутагдлаас болж аж ахуйн нэгжид учирсан хохирлыг хариуцна.

Зургаа. Гэрээнд өөрчлөлт оруулах ба цуцлах

6.1. Ажил гүйцэтгэх явцад гэрээнд оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн бичгээр хийгдэж талуудын гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

6.2. Зөвлөхийн буруутай үйл ажиллагаанаас болж аж ахуйн нэгжид ямар нэгэн хохирол учирсан тохиолдолд 2 тал харилцан тохиролцож гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно.

Долоо. Бусад

7.1. Гэрээ байгуулсан өдрөөс эхлэн энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно.

7.2.Гэрээний хугацаа, нөхцөл байдлын талаар өөрчлөлт оруулахаар бол хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

7.3.Талуудын хооронд санал зөрсөн тохиолдолд талууд үл маргах журмаар шийдвэрлэх ба маргаанаа шийдвэрлэж чадахгүйд хүрвэл аливаа маргаантай асуудлыг зохих хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлүүлнэ.

------о0о------