8-01-2020, 17:22
Жаран жилийн түүхтэй ХААИС-ийн харьяа Агроэкологийн сургуулийн үндэс суурийг тавьсан профессор С.Ичинхорлоогийн тухай түүний шавь биологийн ухааны доктор Ш.Пүрэвсүрэнгийн дурсамжийг "Багш” буландаа нийтэлж байна.
Одоогоос 40-өөд жилийн тэртээ буюу 1982 оны зун энэ эрхэм хүнтэй анх нүүр тулан уулзаж байсан цаг тун саяхан мэт санагдана. Хүн бүрийн хүндэтгэл болсон Ихо багш маань намайг анх ХААДС хэмээх их айлын босго алхахад Хөрс судлал агрохимийн тэнхимийн эрхлэгч Энхтайван гэх миний үеийн залууд халамжлан хүмүүжүүлэхээр даатгаж өглөө. Бид хоёрын биендээ шаардлага тавих гэж юу байхав, ганц хоёр удаа миний хичээлд сууж зөвлөгөө өгдөг, түүнийг нь би ажилдаа тусгахыг хичээдэг байв. Удалгүй Ихо багш гэнэтийн шалгалт хийснээр халамжлан хүмүүжүүлэгч бид хоёр хатуу банга авах нь тэр. Лекцийнхээ үеэр ашигладаг байсан цүнх дүүрэн номыг маань дараачийн долоо хоногоос эхлэн хураан авахыг Энхтайванд үүрэгдэж, хичээлд бэлдсэн бэлтгэлд маань онц муу тавилаа. Мөн өөрөө биечлэн миний бэлдсэн конспектийг шалгаж, түүний гарын үсэггүйгээр лекц унших эрхээ хасууллаа.
Багш бид хоёр ижилхэн хөрс судлагч агрохимич учраас мэргэжлийн талаасаа бие биеэ ойлгоход элдэв саад бэрхшээл гарахгүй, гагцхүү багшид маань миний хичээлийн бэлтгэл огт таалагддаггүй байсан. Тэрээр надаас лекцийн конспектоо сайн бэлдэж байхыг байнга шаардаж, миний бичиж ирсэн зүйлийг хараад "наадах чинь хэтэрхий товчхон байна” гэж голно, өөрийнхөө энэ сэдвээр бэлдсэн конспектуудаа үзүүлнэ. Багшийн маань тэртээ олон жилийн өмнө бичсэн бололтой шарласан хуудастай, зарим дээр нь гараараа зайгүй эрээчсэн нэг сэдвээр заах зүйл нь гэхэд арав гаруй хуудас материалын хажууд миний бэлдсэн гэх ганц хоёр хуудас зүйл ёстой ичмээр дамшиг байж. Манайх гэр хол Баянхошуунд, тэднийх хотын төвд, байсхийгээд л багш маань намайг гэртээ аваачиж хооллож ундална. Нөхөр Агваан гуай (Аж үйлдвэрийн гавьяат ажилтан) тэтгэвэртээ суучихсан сайхан зантай буурлын гурилтай шөлийг мөн ч олон удаа хүртсэн дээ. Тэдний хоёр, гуравтай байсан болов уу хөөрхөн зээ охин нь байн байн ирж хоолыг нь бууддаг надад сүрхий хурдан дасч, түмпэнтэй мөлжсөн яснаас хүртэл над руу зөөж өгч, өвөө эмээ хоёроороо загнуулдаг байж билээ. Ингэж л багш маань намайг халамжлан хүмүүжүүлж монголчуудын хэлдгээр "хүн болгосон” ачтан билээ.
Тэр үед багш оюутнуудын орос хэлний мэдлэгийг сайжруулж, оросоор мэргэжлийн сурах бичиг, сэтгүүлийг ашиглаж сурах үүрэг "дээрээс” байнга ирдэг байлаа. Мэргэжлийн бүх сурах бичиг орос хэл дээр байсан, үүнийг нь орчуулаад хэвлэх хэвлэлийн хүчин чадал хүрэлцдэггүй цаг байсан юм чинь буруу нь юу байх билээ. Тухайлбал миний заадаг бай-сан хөрс судлал, агрохимийн нэг ч сурах бичиг монгол дээр байдаггүй, сургуулийн номын санд чихээстэй байсан орос сурах бичгүүдийг оюутнууд ойлгодоггүй, ашиглаж чаддаггүй байсан юм чинь үүнд буруу нь юу байх билээ.Багш маань надад нэг сэдвийг сонгон авч оросоор лекц уншихыг үүрэгддэг юм байна. Зургаан жил орос багшаар хичээл заалгасан миний хувьд энэ нэг их түвэгтэй даалгавар байсангүй, харин оюутнууд маань энэ хэмжээнд бэлтгэгдээгүй учир ойлгохгүй нь л жаахан тиймэрхүү байсан. Лекц болох өдөр цаг товлогдож ороод явчихсан чинь оюутнуудаас гадна манай агрогийн бүх багш нар болон сургуулийн удирдлагуудаас нилээд хүн ороод суучихсан харагдана. Би ч нэлээд балмагдангуй лекцээ багшийн зөвлөснөөр зугуухан явуулсан ч, цаг урагшаа явж дуусч өгдөггүй нэлээд тэвдэж билээ. Лекцийн дараа асуулт байна уу? гэсэн чинь нэг ч хүн юу ч асуусангүй. Ингээд багшийн өрөөнд дуудсан ёсоор деканы өрөөнд нэлээд айдас хүйдэстэй яваад очлоо. Сургуулийн удирдлагууд ирчихсэн багш маань тас тас хөхөрчихсөн сууцгааж байв. Багш жирийн үед дөлгөөхөн ярих мөртлөө тун чанга инээдэг хүн. Учрыг сонсвол тэр жил Улсын Дээд боловсролын Хорооноос АУДС, Политехникийн дээд, манай сургуулийг орос хэл дээр лекц уншиж байхыг үүрэгдсэн юм байх. Энэ нь ямар ч боломжгүй зүйл гэдгийг миний хичээлээр туршиж, багш оюутнуудын дунд санал асуулга явуулан "дээш нь” хүргүүлэх санаачилгыг багш маань гаргаж, байдлыг сургуулийн удирдлага дэмжсэнээр орос хэл дээр хичээл заах асуудал нэг хэсэгтээ намжиж байж билээ.
ФАО-ГИЙН ТӨСЛИЙН ХАМТ ОЛОНТОЙ АВАХУУЛСАН ЗУРАГ 1996 ОН
Агваандорж багш аймгийн арслан Цэмбэлд ачуулж шалан дээр ар нуруугаараа савж унахдаа орь дуу тавьж, Бондоон багш, Халзан багш хоёр шатрын тэмцээн дээр барьцалдан авч, Бямбажав багш ардын дуу гонгинуулахад нь оюутнууд сандлаасаа савж унатлаа хөхрөлдөж дахиулж байсан зэрэг "онцгой” үйл явдлууд санаанаас яаж гарах билээ. Төл хүлээн авах, малын хамуу хачиг туулганы ажилд мал эмнэлгийнхэн дайчлагддаг бол тариа ногоо, хадлан бэлчээрийн ажилд манай факультетийн оюутан багш нар зун, намаргүй явцгаадаг сан.
Улс орны амьдралыг НАХЯ хатуу хянадаг цаг үе байж. 1983 оны есдүгээр сард оросууд Солонгосын иргэний агаарын тээврийн онгоцыг буудаж унагасан тухай Америкийн дуу хоолой станцаас сонссоноо би оюутнуудад бурчихсан чинь тэр доороо сургуулийн намын хороонд хэн нэг нь хошуу өргөчихөж. Баталгаагүй дэмий юм ярьсныхаа төлөө Ихо багшаар би зад загнуулж, сургуулийн намын хороон даргаас хатуу донго сануулга авч байж билээ.
Профессор С.Ичинхорлоо бол одоогийн ХААИС-ийн харьяа Агроэкологийн сургуулийн үндэс суурийг тавьсан ачтан. Хөрс агрохимийн лабораторийг 1958 онд анх байгуулан эрхлэгчээр нь ажилласан ба одоог хүртэл энэ лаборатори маань сургалт судалгаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үе үеийн оюутнуудад ашиглагдсаар байна. Өнөөдөр эгэл даруухан багшийн маань сургаж хүмүүжүүлсэн түмэн шавийн дундаас хөдөлмөрийн баатар хоёр, төрийн шагналт дөрөв, гавьяат агрономич 30 гаруй, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, гавьяат багш, соёлын гавьяат зүтгэлтэн нижгээд шинжлэх ухааны доктор долоо, боловсролын доктор 100 гаруй, профессор, дэд профессор 40 гаруй төрөн гарчээ.
Ихо багш бага насныхаа амьдралыг дурсахдаа "Бидний уугуул нутаг Төв аймгийн Ар-галант сум Улаанбаатараас 80 орчим километрт оршдог, Аргал, Жирэм, Агьт, Хашаат, Ар, Өвөр дулаан, үзэсгэлэнт Хайртхаан уулын нутаг. Эцэг Сономдорж, эх Дагмаа нар цөөн малаар амьдралаа зогоодог, аав маань арьс нэхий элдэж, ээж маань хүүхдүүдийнхээ хувцсыг өөрөө оёж урладаг байлаа. Цөөн малын орлогоор амьдрах боломж хомсдсон учир намайг зургаан настайд манайх Улаанбаатар хотод нүүдэллэж ирсэн айл хэмээсэн байдаг. Багш маань 13 хүүхэдтэй айлын хамгийн адаг нь. Отгон нь гэсэн баяд үг л дээ.Түүний төрсөн ах нь Бал дарга маань хааяа шартчихаад байхад нь хашааг нь давуулан шил юм шиддэг гэгддэг байсан гэх I арван жилийн захирлаар он удаан жил ажилласан Монгол Улсын гавьяат багш С.Цагаан. Мөн манай улсаас анх удаа 1965 онд барууны оронд /Англи/ томилогдож байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Дамбадаржаа гуай. Түүний хань Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Агваан гуай. Ер нь алдартай хүмүүсийн хүрээлэл дотор амьдарч байсан багшийн маань тухай эрдэмтэн С.Ганбаатар агсан:
Шал дэмий юманд баярлаж, бас гомдож
Шаралхүү орчлонгийн бөөрөн дээр тэнцэж ядаж явахад
Шавь нарын минь зөөлөн харц, зөв хариултаас өөр
Шагнал гэж байдаггүй юм даа, муу багшид чинь гэж шүлэглэсэн байдаг юм.
Багш маань үе тэнгийнхэн дотроо ялгарахуйц өндөр боловсролтой хэзээнээс онц хүн. 1948 онд арван жилийн I дунд сургуулийг онц дүнтэй төгссөн, Тимирязовын нэрэмжит ХАА-н академийг мөн онц дүнтэй төгссөн ховорхон сэхээтнүүдийн нэг. Хөдөлмөрийн баатар Ш.Мардаан гуай багшийн тухай дурсахдаа "Ихо багш аяар аяархан дуугарсан зарчимч өндөр шаардлага хатуу боловч учрыг нь олж хэлдэг ухаарал хайрласан үг нь биднийг сурлага сахилга сайтай тэргүүний оюутнууд байлгаж чадсан юм. Манай багш бол бүхий л талаараа хүнд үлгэр дуурайл болсон эгэл нэгэн сэхээтэн эмэгтэй төдийгүй, ажиллаж амьдарч байгаа байдал, олны дунд биеэ авч яваа байдал эрдэм мэдлэг нь оюутан бидний бахархал болж байдаг байлаа. Багш бол туйлын шударга хүн. Түүнийг аргалах ацаглах гэсэн хүүхдүд дандаа балардаг байлаа. Уурлана уцаарлана гэж хэзээ ч үгүй, тэгсэн мөртлөө бид нар царайг нь хараад л айцгаадаг байсан гэсэн бол УИХын гишүүн Х.Болорчулуун "Манай Дорнод нутгийнхан сайн хүнээ үдийн нартай зүйрлэдэг юм. Багш маань Мэнэнгийн их талд тусдаг үдийн нар шиг "гэгээлэг хүн” хэмээн дурссан байдаг.
Багш маань тус сургуульд 1957-1992 онд багш, тэнхимийн эрхлэгч, деканы ажлыг тасралтгүй 35 жил хийсэн хүн. "Би энэ хугацаанд сургуулийн газар бол ажиллах хамгийн таатай орчин юм гэдгийг гүнээ ойлгож авсан болохоор өөрийгөө ихээхэн азтайд тооцож явдаг”гэж ярих дуртай нэгэн. Ажиллах хугацаандаа агрохими, туршлагын арга зүй, хөрс судлал, ургамлын физиологийн хичээлүүдийг зааж, агрохими, туршлагын ажлын сурах бичгүүд, ургамлын физиологи гэсэн ном олон арван нийтлэл бичсэн хүн.
Төмсний бордооны сэдвээр ажлыг анх хийж эхлэнгээ Төв, Сэлэнгэ аймгийн ногоочдын талбайгаас 30 гаруй сортын төмс цуглуулж, түүндээ сорилт явуулж байсан ба эндээс "шийр” гэж нутгийн дээж шалгарч, хожим нь УГТЭШХ-д үржүүлэн үйлдвэрлэлд "шийр-6” нэрээр нэвтрүүлсэн юм. Мөн 1958 онд Германы Берлинхинген сортын төмс авч тариалж үржүүлж үйлдвэрлэлд шилжүүлж байв. Атар газар эзэмших хөрсний хайгуулын ажлын материалыг анхнаас нь эмхтгэх ажилд оролцсон хүн.
Манайх гэдэг айлын нэгэн үеийн амьдрал ХААИС-тай хүйсийн холбоотой билээ. Миний хүү, охин хоёр намайг Москвад сурч байх хугацаанд оюутны байранд өсөн торниж, Туулын голд умбаж, Зайсан толгой өөд мацдаг байснаа мартаагүй байгаа. 1992 оны өвөл Москвагийн Их сургуульд докторын зэргээ хамгаалчихаад ирсэний дараахан Санжид захирал дуудаж, Агрономын факультетийн деканы албан тушаалд томилсноос хойш үүрэг хариуцлага маань хоёр дахин нэмэгдлээ. Туслах аж ахуйтай болж, хэдэн төгрөгний хуримтлал бий болгох аж-лыг Ихо багш маань ихэд урамшуулан дэмжиж, би тэр үеийн Зүүнхараагийн САА буюу одоогийн Мандал сумын ойролцоо Бороогийн голын хөвөөнд хэдэн оюутан аваачин төмс ногоо тариуллаа. Ургац овоо гарч, хурааж борлуулах ажлыг нь Ганбаатар багшдаа даатгаад орхичихсон чинь үр дүнд нэг ч төгрөгийн ашиггүй орлого зарлага хоёр нь тэнцсэн тайлан гаргаж өгч бөөн хэрүүл уруул болж байсан сан.
Деканаар ажиллаж байхад элдвийн хов жив тасарна гэж үгүй. Нэг удаа хэсэг оюутнууд нийлчихээд ангидаа архи ууж байна гэсэн мэдээлэл ирлээ. Багш мөн л нэлээд ууртай манай өрөөгөөр орж ирлээ. Очоод хаалгыг нь татсан дотроосоо түгжээтэй, онгойлгож өгдөггүй ээ. Ангийн багш Энхтайваныг дуудууллаа. Мань хүн нэг сандлын хөл барьж аваад л яваад өглөө. Удалгүй манай өрөөнд нүүр нь минчийтлээ улайчихсан амандаа үглэсээр орж ирээд цонхоор хараад зогсчихдог юм байна.
-Юу болов?
-Муусайн шаарнууд чинь архи уугаагүй ч стипендээ аваад баахан пиводож мөрийтэй муушигдсан байна. Хаалгыг нь гаднаас нь түгжчихээд ирлээ, удахгүй давсаг нь чинэж л таараа. Цонхоор шээж магадгүй гээд сахиж байна гэлээ. Оройхон тийшээ анги руугаа явснаа бөөн инээд болчихсон орж ирж билээ. Хаалганы түгжээг нь мултлангуут тэд гүйлдэж гарч ирэнгээ жорлонгийн хаалган дээр очоод зэрэг зүтгээд гацчихсан юм байх. Энхтайван маань ёстой ширмэн тогоо хагартал тасхийтэл инээдэг хүн байж билээ, Ганбааг маань сургуулийн урт коридороор амандаа дуу аялан хоёр тийшээ савлан алхаж явааг нь харах юм бол яг нөгөө пингвин шувуу санаанд ордог, Дүгэрмаа маань дургүйгээ хүрсэн хэнд ч хамаагүй тааруулаад ёгт дөрвөн мөрт зохиогоод дуртай үедээ шүлэглээд хууртчихдаг байж билээ. Бор багшийн маань авьяас гэнэт цоорч яруу найрагч болсноор барахгүй агуу Есенинийг хүртэл орчуулдаг болсон, гар дээр сунайлтаараа сургуульдаа аваргалж байсан амьдаа лаборант бүсгүй маань нийслэлийн мэргэжлийн хяналтыг толгойлох болсон гээд үргэлжлүүлбэл эцэс төгсгөлгүй юм болно. Хамтран зүтгэгч ахмад багш нараас нэлээд нь бурхны оронд заларсан байна. Тэдэндээ зул өргөх минь. Төмсний технологийн асуудлаар багш маань доктор А.Чойжамц, Буяндэлгэр, Балжинням нартай хамтран Зүүнхараагийн САА-д судалгаа явуулж төмс ургуулах эрчимжсэн технологийг боловсруулснаар АА-н га-ын дундаж ургацыг 210 цн-т хүргэж САА-н захиргаанд хэлэлцүүлэн шилжүүлж байсан гавьяатай хүн. Ийм л нэг эгэл даруухан багш маань түмэн шавь нарынхаа сэтгэлд мөнхөрсөн хүн дээ. Сургуулийн 60 жилийн ойн баярыг тэмдэглэж байгаа намрын налгар энэ өдрүүдэд шавь нар нь хүндэт багштайгаа уулзалдан чин сэтгэлийн дурсамжаа харамгүй хуваалцах нь дамжиггүй.
Эх сурвалж: Өдрийн сонин 2018.11.08 09:11