БАЙГАЛИЙН ГАЙХАМШИГТ ГОЖИ ЖИМСГЭНЭ ДОКТОР, ПРОФЕССОР Б.НИНЖ

4-01-2018, 20:09

БАЙГАЛИЙН ГАЙХАМШИГТ  ГОЖИ ЖИМСГЭНЭ ДОКТОР, ПРОФЕССОР Б.НИНЖ

Дэлхийн улс орнуудын газар нутгийн байршил, хөрс цаг уурын онцлог, зан заншил, уламжлал, хүнс тэжээлийн онцлог, хэрэглэх хэм хэмжээ зэрэг олон хүчин зүйлүүдээс хамаарч ард түмнүүдийн хоол хүнсний бүтэц, бүрэлдэхүүн өөр өөрийн онцлогтой боловч жимс жимсгэнэ нь хүнсний бүтээгдэхүүний салшгүй нэгэн хэсэг болж жилээс жилд нэр төрөл, хэмжээ нь улам бүр өсөн нэмэгдэж байна. Манай оронд сүүлийн хориод жилд импортын жимсний нэр төрөл, тоо хэмжээ урьд өмнө байгаагүйгээр нэмэгдсний дээр ард иргэд жимс жимсгэнийг ихээхэн сонирхох болж олон төрлийн жимс жимсгэний ургамлыг ил талбайд болон хамгаалагдсан хөрсөнд тарьж ургуулж байна. Энэ нь Манай Засгийн газраас өөрийн орны Жимс жимсгэний салбарыг дэмжин удаа дараа гаргасан төсөл, хөтөлбөрүүдэд тусгагдан дэмжигдэж байна. Би энд байгаль хамгаалал, хүнс тэжээл, эрүүл мэнд, гоо сайхны асар өндөр ач холбогдол бүхий нэгэн зүйл жимсгэний талаар мэдээлэл хүргэж байна. Энэ ургамал бол байгалийн гайхамшигт гожи жимсгэнэ юм. Энэ нь Чисэнцэрийн овог, Махирасын төрөл, Энгийн (ердийн) махирас гэсэн зүйлийн ургамал. Олон улсын шинжлэх ухааны нэр нь Lycium barbarumL. (1753).

Энгийн махирс (Lycium barbarum) - ын олон улсын худалдааны нэр нь гожи (гоуци) бөгөөд энэ нэрээрээ тархжээ. Энэ ургамлыг манайхан Түвд тошлог, варвар махирс, чонон жимсгэнэ, хятад тошлог, хятад махирс, Шүрэн унжлага гэх мэт олон янзаар нэрлэж иржээ. Түүнчлэн Оросоор Дереза обыкновенная, Хятадаар Нинся гоуци, 寧夏枸杞, англиар Wolfberry, германаарBocksdorn гэж нэрлэдэг байна.

Тархалт: Эх нутаг нь Хятад. Хятадын Ганьсу, Хэбэй, Өвөр Монгол, Шаньси, Сычуань, Синьзянд зэрлэг байдлаар,мөн Хятадын Нинся, Түвд болон Гимлайн районд таримлаар тархсан бөгөөд Орос улсад нилээд хэмжээгээр тарьмалжуулсан байна. Гожи шинэ нөхцөлд амархан дасдаг, үүний үр дүнд Өмнөд Америк, Баруун ба Дорнод Европ, Азийн орнууд болон Алс дорнодод тархжээ.

Манай орны Зүүн гарын говь болон Алтайн цаад говийн баянбүрдүүд тухайлбал Эхийн голын баянбүрдэд энэ махирсын төрлийн нэг зүйл ургамал "Орос махирс”(Lycium ruthenicum Murr ) ургана. Нутгийн ардууд "Чонон хармаг " гэж нэрлэдэг. Цайвар өнгийн хальстай, бараг 2м өндөр, өргөслөг бут бөгөөд чийгтэй сайр дагаж ургана. Хар хөх өнгийн жимстэй, хүн идэж хэрэглэдэггүй, хэрээ шаазгай мэтийн шувууд иднэ, мазаалай иддэггүй гэдэг. Жимс нь 8-р сарын эхээр боловсордог.

Ботаникийн шинж:Гожи 3.5м хүртэл өндөр ургадаг бут,мөчрүүд нь нарийн өргөсөөр бүрхэгдсэн, навч нь энгийн, бүтэн захтай, эллипс хэлбэртэй. Цэцэг нь 5 дэлбээтэй, сараанын ( нил ягаан) өнгөтэй, хонхон хэлбэртэй, янз бүрийн бүс нутагт 5-9 буюу 6-10-р сард жимслэх ба хамгийн сайн чанарын жимс нь 8-р сард боловсорно. Түүвэрлэж олон удаа (13-аас доошгүй) хураадаг.

Жимс нь жижиг, шүрэн улаан өнгөтэй, ардын эмнэлэгт өргөн хэрэглэдэг. Байгалийн нөхцөлд Түвд, Гимлай болон Хятадын эх нутгийнхаа дассан орчинд гожи нь гурван метр хүртэл өндөр ургана, 40 орчим дэд зүйлтэй.Эднээс Гималайн нуруунд далайн түвшнээс дээш 3000 метрийн өндөрт ургадаг зүйл нь илүү өндөр үнэлэгддэг байна. Гожи нь байгаль цаг уурын янз бүрийн нөхцөлд тэсвэртэй бөгөөд төдийлөн их арчилгаа шаарддаггүй. Хасах 30 хэм хүртэлх хүйтнийг даана. Гэрэлтэй нөхцөлд маш сайн ургана. Бүрэн боловсорсон бут нь өргөөшөө хурдан ургаж орчин тойрноо "хогтуулдаг”. Ийм учир энэ үед нь заавал танаж, тайрч цөөлөлтийг хийж байх шаардлагатай. Бутыг суулгасны дараа жилээс цэцэглэж гурав дахь жилээсээ жимсэлж эхэлдэг онцлогтой. Нэг бутнаас 1кг-аас доошгүй ургац өгдөг байна.

 

Аж ахуйн ач холбогдол:

БАЙГАЛИЙН ГАЙХАМШИГТ  ГОЖИ ЖИМСГЭНЭ ДОКТОР, ПРОФЕССОР Б.НИНЖ 

Энэ жимс юугаараа тэгж өндөр үнэлэгддэгийн учир нь түүний жимсний биохимийн найрлагад байгаа нь эргэлзээгүй юм. Эрдэмтдийн судалж тогтоосноор түүний найрлагад:

-19 амин хүчил, түүнээс хэд хэдэн юугаар ч орлуулшгүй амин хүчил

-21 төрлийн эрдэс бодис үүнд: кали, төмөр, кальци, зэс, марганец, фосфор, цайр, селен, германий болон хавдрын эсрэг элементүүд гэж нэрлэдэг (эс хувирч өөрчлөгдөхийг урьдчилан мэдээлдэг) бусад жимс, жимсгэнэд маш ховор тохиолддог бодисууд

-Витаминууд (В бүлгийн витаминууд болон тамхины хүчил, аскорбины хүчил, токоферол, бетаин гм), өөхний хүчлүүд (Омега -3, -6, -9), антиоксидантууд, 4 полисахарид болон бусад сахарууд агуулагддаг байна.

Гожи жимсийг практикт ашигласнаар:

1. Эд эсийг чөлөөт радикалийн халдвараас найдвартай хамгаална

2. Ходоодны шархнаас урьдчилан сэргийлэх, дотор эрхтнүүдийн өөхлөх,давсаг чулуужих, цөс чулуужих өвчнүүд болон хавдарын процессоос хамгаална

3. Судасны уян хатанболон судасны ханын бат бэх чанарыг дээшлүүлнэ

4. Цусны даралтыг тогтворжуулж, цусан дахь глюкоз болон холестринийг хэвийн болгоно

5. Дархлааг сэргээж идвэхжүүлнэ

6. Хоол боловсруулах процессыг хэвийн болгож, хоол хүнсийг өөх болгохгүй харин энерги болгож хувиргана

7. Гэдэсний үйл ажиллагааг идвэхжүүлж гэдэсний микрофлорыг хэвийн болгоно

8. Бие махбодыг хорт нэгдлүүдийн нэвчилт, хүнд металлын давсууд, радионуклейдууд болон хөнөөлт холестринээс идвэхтэй цэвэрлэж бие мах бодийг эрүүлжүүлдэг гэж үздэг байна. Олон зууны туршид азийн уламжлалт анагаах ухаанд махирсийн жимсийг нилэнхүйд нь залуужуулагч бүтээгдэхүүн болгон ашиглаж ирсэн. Түүгээр Япон, Хятадад алкогольт ундаа хийдэг байна. Ялангуяа Хятадын уламжлалт анагаах ухаанд хатаасан жимс (лат.Fructus Lycii)-ийг нь олон өвчнийг эмчлэхэд ашиглаж иржээ. Энэ жимс найрлагандаа хорт хавдрын эстэй тэмцэхэд тусалдаг бодис агуулдагийг эрдэмтэд тогтоогоод удаагүй байна. Түүнчлэн олон төрлийн судалгаагаар хүмүүс гожийн жимсийг тасралтгүй тогтмол, зөв зохистой хэрэглэвэл хорт хавдар, диабит болон альцгеймерийн өвчнөөр өвчлөх эрсдлийг багасгах боломжтойг тогтоожээ. Судлаач доктор Х.Ву Япон улсад 2006 онд хэвлүүлсэн номондоо гожийн шүүсэнд байдаг биологийн идэвхит бодисууд нь ДНХ-ийн бүтэц нь эвдэрч бүтцээ алдсан молекулуудыг нөхөн сэргээдэг. Ийм ч учраас Гималайд амьдардаг хятадууд 130 хүртэл насалдаг нь үүнтэй холбоотой байж болох юм, тухайлбал, Некий Ли Кин Йен 252 насалсан (1678-1930), тэр өдөр бүр хүнсэндээ гожийн жимсийг хэрэглэж байжээ гэж мэдээлсэн байдаг байна.

Товчоор хэлэхэд гожийн жимс нь бодисын солилцоог түргэсгэж, бие эрүүл мэндийг сайжруулан дархлааг бэхжүүлдэг өндөр ач холбогдолтой. Ийм учраас байгалийн гайхамшигт энэхүү жимсгэнийг манай орны байгаль цаг уурын нөхцөлд аль ч төрлийн цэцэрлэг, ялангуяа өрхийн цэцэрлэгт тарьж нутагшуулан экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой юм.

Гожи жимсийг хэрэглэх тухай

Хэрэглэх хамгийн энгийн арга нь өглөө, орой 20 г жимсийг өдөр бүр тасралтгүй хэрэглэх явдал юм. Харин хэрэглэх жимсийг зөв хатаасан байвал зохино. Энэ байдлаар сувилалын (хөнгөн) журмаар хоёр долоо хоног хэрэглэхэд мэдэгдэхүйц үр дүн ажиглагдана. Мөн хамгийн өргөн хэрэглэдэг арга нь хандлан цай болгох арга. Хандлан чанартай ундаа болгохын тулд хэдэн ширхэг жимс нэмэж болно. Мөн цэцгийн чихэргүй шүүс болон нимбэг, лайм, бал зэргийг нэмж болно. Түүнчлэн каштай хамт хольж хэрэглэхэд амт чанараараа гойд ялгарах бөгөөд хүнс тэжээлийн үнэ цэнэ нь нэмэгддэг.

·Витамины өдрийн орц: халуун сав юмуу данханд 0,5 л усанд өдөрт хэрэглэх жимсээ хийж ханд бэлтгэнэ. Хандлахдаа 30-аас доошгүй минут болгох ба дараа нь тал 1/2 стаканыг өдөрт 2-3 удаа ууна. Ундаагаа шүүж авсны дараа жимсээ идэж хэрэглэхийг мартаж болохгүй. 

·Жимс нэмсэн цай: Бэлтгэсэн цайныхаа хандан дээр 5-6ш жимс нэмнэ. Цайнаас гадна жимс нь зайрмаг, десерт-амтат зууш болон коктейлийг тансаг амттай болгоно.

·Турахын тулд: Цайны халбагаар нэг гашуунгүй жимсийг 0.5л халуун усанд хийж халуун саванд юмуу данханд хийж хагас цаг тавина. Хандалсан уусмалаа жимстэй нь хамт өдөрт 2 удаа хэрэглэнэ. Энэ үедээ цагаан хоол юмуу хөнгөн хоол хэрэглэнэ.

Насанд хүрсэн хүний өдрийн норм 36-50 ш, үүнийг хэрэглэх зорилгоосоо хамаарч 2-3 хувааж хэрэглэнэ. Хүүхэд бол насанд хүрсэн хүний гурав хуваасны нэгийг хэрэглэнэ. Жирэмсэн хүн хүүхдийн дозоор хэрэглэнэ. Хэрэглэж эхлээд харшил өгвөл хэрэглэхээ зогсоож тухайн байдалд дүн шинжилгээ хийхийн хамт мэргэжилтнээс зөвлөгөө авах нь зүйтэй.

Гожийг бусад антикоагулянтуудтай хамт хэрэглэх боломжгүй.

 

эх сурвалж: "Монгол агрономч сэтгүүл" 2-р дугаар