4-01-2018, 19:57
П.Давааням нь 1956 онд Увс аймгийн Чандмань суманд малчин ард Пүрэвийн 6 дахь хүүхэд болж мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлэн бага дунд сургуулийг дамжин 8-р ангиа төгсөн Ховд аймгийн ХААТехникумд 1973-1976 онд, улмаар ХААДС-д 1976-1981 онд суралцан төгсч агрономч мэргэжил эзэмшсэн. Тэрээр 1981-1991 онд Халхгол САА-д, 1991-2000 онд Дэвшил ХХК-д, 2000-2002 онд Улсын нөөцийн газарт, 2002-2008 онд Хэнтий аймгийн Хурхгол ХХК-д, Сэлэнгийн "Арвин хур” ХХК-д, 2012 оноос хойш Үйзэн тал ХХК-д тус тус ерөнхий агрономчоор ажилласан.
Дорнод аймгийн Халхголын сангийн аж ахуйд томилогдон 20 гаруй жил ерөнхий агрономичоор ажиллах хугацаандаа тухай үеийн Халхгол сангийн аж ахуй 20.0 мянган га эргэлтийн талбайтай байсныг 40.0мянган га хүртэл өргөжүүлэн Монгол улсын хэмжээнд тариалангийн талбайн хэмжээгээр тэргүүлэх хэмжээнд хүргэн га-аас авах ургацын хэмжээг жилээс жилд арвижуулан 15.4-19.7 цн болгож 1985, 1989 онуудад Монгол улсын ургацын аварга САА хэмээх эрхэм цол, алтан цомыг авахад агрономч П.Даваанямын уйгагүй ажиллагаа болон агротехникийн бодлогоо зөв хэрэгжүүлж хамт олноо сайн зохион байгуулсаны үр дүн юм. Тэрээр тухайн үед газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж байсан 20 гаруй мянган га талбайд хөрсний иж бүрэн шинжилгээ хийх ажлыг эрдэмтэн, агрохимич-хөрс судлаач Ж. Гарьдхүүтэй хамт хийсэн байна. Зарим жил агрегат өөрөө явагч хоорондоо харагдахгүй, тариалсан талбайн үр хөрсөн дээрээ ил гартал шуурах, мөндөрт цохигдож хураах нөхцөлгүй болох, намрын үргэлжилсэн бороонд ургаж байгаа тариа түрүүн дээрээ ургах, үтрэмийн будаа 20-30 см ширэгжих, цас орж хэдэн мянган га талбайн ургац налах гэх мэт олон тохиолдож байсан ч энэ бүхнийг даван туулж, мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж байжээ.
П.Давааням нь Зүүн бүс төдийгүй газар тариалангийн Төв болон Сэлэнгийн бүсэд ажиллан өөрийн мэдлэг туршлагаа улам баяжуулан ажилласаны үр дүнд тухайн үед ажиллаж байсан Хэнтий аймгийн "Хурхгол” ХХК нь 2004 оны улсын ургацын аварга, Сэлэнгэ аймгийн "Арвин хур” ХХК нь 2008 оны Худалдаа аж үйлдвэрийн танхимын Гран-при шагнал хүртэж байсан нь ерөнхий агрономич П.Даваанямын ажлын ур чадвартай холбоотой юм.
Сүүлийн жилүүдэд өөрийн ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан Дорнод аймгийн Халхгол суманд ажиллан "Үйзэн тал” ХХК-д ерөнхий агрономчоор ажиллаж байгаа ба тухайн орон нутгийн хөрсний бүтэц, байгаль цаг уурын онцлогийг сайн мэддэг болон олон жил ажилласан ажлын туршлага дээрээ үндэслэн өөрийн компани болон тус нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л аж ахуйн нэгжүүдийн шинэ залуу агрономч болон туслах ажилтан, тариаланчдад өөрийн мэдлэг туршлагаа хуваалцан шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэн сургаж, ургацын хэмжээг нэмэгдүүлэн аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааг дээшлүүлэн ажиллаж байна.
Тухайлбал "Үйзэн тал” ХХК нь агрономч П.Даваанямын ажиллах хугацаанд түүний заавар зөвлөгөөгөөр үрийн болон агротехнологийн бодлогоо чанд хэрэгжүүлэн ажилласнаар нэгж талбайн дундаж ургац өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдэж таваарын үр тарианы чанар эрс нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ салхины хүч,хуурайшилт ихтэй тал нутагт химийн уринш, тэг элдэншүүлэгийг технологийн дагуу хийж, органик болон орон нутгийн био бордоо ашиглан тариалангийн талбайн үржил шимийг нэмэгдүүлэн ажиллахад байнга анхаарал хандуулан ажилладаг.
П.Даваанямын газар тариалангийн үйлдвэрлэлд хийж хэрэгжүүлсэн арга ажиллагаа, нэвтрүүлсэн дэвшилтэт техник технологи зэрэг нь түүний ажлын үр дүнг дээшлүүлж буй гол хүчин зүйл болж байдаг. Тэрээр Дархан, Дорнод бүсийн эрдэм шинжилгээний байгууллага болон эрдэмтдийн гаргасан шинжлэх ухааны ололт ажлын үр дүнг өөрийн ажилдаа хэрэгжүүлэн ажиллаж байна.Тухайбал, Дарханы УГТЭШХ-ээс гаргасан ризобактерийн бордоог сүүлийн 2 жил хэрэглэсэнээр га-ийн ургац 5 цн-ээр нэмэгдэж таваарын үр тарианы цавуулаг 29%-д хүрч чанарын эрс ахиц гарсан байна. Мөн Дорнод бүсийн ХААЭШ-ний хүрээлэнтэй хамтран сортын болон таримлын туршилт тавьж байгаагийн зэрэгцээ ээлжлэн тариалалтанд шар буурцаг, хөх тариа, гурвалжин будаа зэргийг 5 га хүртэл тариалан үр үржүүлж байна.
Халхголын бүс нутгийнхаа онцлогт тохирсон технологийн бодлого боловсруулан талбай нэг бүрт бүрдүүлж, тухайн бүс орон нутагт зохицсон сорт туршин, Дорнодын бүсийн ЭШ-ний байгууллагатай хамтран тухайн нутагт зохицсон дунд болцтой налдаггүй ургац өндөртэй буудайн сортыг сонгон үржүүлж 2 дахь жилдээ туршилт хийж байна.
П. Давааням нь тариаланчдын үйл ажиллагааг тал бүрээр дэмжиж эвсэг хамт олныг бүрдүүлэхээс гадна хөрсний эвдрэл элэгдэлд орох, үржил шим алдагдахаас урьдчилан сэргийлж зохистой техник технологийг нэвтрүүлэх органик болон био бордоог хэрэглэхэд онцгой анхаардаг.Мөн сүүлийн үеийн техник технологийг судалж өөрийн ажилдаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ боловсролтой, сэтгэлтэй тариаланчдын залуу халааг бэлтгэхэд анхаарлаа хандуулдаг эх орондоо баялаг бүтээж газар тариалангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөжүүлэн технологийн зүй зохистой бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ 40 гаруй жил тууштай ажиллаж яваа төлөв даруу зантай, ажилдаа дадлагажиж мэргэшсэн цаашид мэргэжлийн шинэ залуу халаагаа бэлтгэж яваа манай ахмад туршлагатай мэргэжилтний нэг юм. Тэрээр залуу агрономчдыг ажилдаа сэтгэлээ зориулж, мэдлэг ур чадвараа байнга дээшлүүлж, талбай нэг бүрд тохирсон агротехнологийг боловсруулж, мөрдөж ажиллахыг зөвөлдөг нэгэн юм.
Түүний газар тариалангийн үйлдвэрлэлийн ажилд өндөр амжилт гаргасныг төр засгаас өндөрөөр үнэлэн "Аймгийн аварга мэргэжилтэн”, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медалиуд, ХХАА-н тэргүүний ажилтан, Атарчдын алдар медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор 2 удаа шагнагдсан байна.