17-03-2017, 05:34
Монгол Улсын зөвлөх агрономич А.Чойжамцтай ярилцлаа.
-Гадаадаас сайн чанарын буудай импортолно, импортлох шаардлагагүй гэсэн маргаан салбарын яам, тариаланчдын дунд дэгдчихлээ. Энэ маргаан яагаад гарах болов гэдгээс яриагаа эхэлье?
-Өнөөдөр үүссэн асуудлын хувьднийтэд нь хавтгайруулаад байна л даа. Зарим тариачдын ургуулсан тариа чанарын шаардлага хангаж байгаа. Буудай дэлхийн стратегийн гол чухал таримлын нэг. Уураг, цавуулаг гэсэн хоёр чухал үзүүлэлтийг нь л үнэн зөв гаргаж өгөх хэрэгтэй. Яамны яриад байгаа зүйлийг харахад тодорхой ойлгомжтой болгож ангилж өгсөн зүйл алга. Нэг талдаа тариачдаа өмөөрөхөөс аргагүй. Хэн ч зовж ургуулснаа мөнгө болгохыг хүснэ. Улаанбуудай тариална гэдэг цаг агаарын хатуу ширүүн нөхцөлд явагддаг, шинжлэх ухааны мэдлэг шаардсан үйл ажиллагаа. Энэ үйл ажиллагаан дээр төр зохицуулалтаа зөв хийж өгөхгүй байна.
-Зохицуулалт гэдгээ тодруулаач?
-Буудай болоод ямар нэг ургамал тариалахад нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн байх ёстой. Ургамал бол амьд организм. Ус, хоол, тэжээл хэрэглэдэг. Түүнийгээ дагаад ургуулах технологи гэж айхтар юм бий. Бид агрономийн шаардлага гэж ярьдаг юм. Агрономийн шаардлагыг хангаж өгсөн нөхцөлийг тариачид ногоочдод бүрдүүлж өгөх ёстой. Ус дутагдвал усалгааг нь,тэжээл дутагдвал бордоог нь өгөх хэрэгтэй. Үүн дээр төр анхаарч өгөхгүй байна. Зөвхөн үр, буудайн ургац яриад, чанарын асуудал дээр маргаан үүсгээд байна л даа.
-Төрөөс ньулаанбуудайн ургах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаардаг олон улсын ямар жишиг байна?
-Олон улсын жишгийг авч үзвэл ургуулсан ургацын тонн тутамд нь урамшуулал олгодоггүй.Чанартай ургац авах нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөд дэмжлэг туслалцаа үзүүлдэг.
-Жишээ нь ямар дэмжлэг...?
-Усалгаатай систем байгуулж тариалалт эрхэлье гэвэл усалгааны тоног төхөөрөмж байрлуулах, худалдаж авахад нь хөнгөлөлт үзүүлэх учиртай. Бордоо шаардлагатай бол худалдаж авах бордоон дээр нь хөнгөлөлт үзүүлдэг олон улсын жишиг бэлхнээ бий. Ялангуяа манайтай ойрхон Хятад, Солонгос, Япон, Зүүн Өмнөд Азийн орнуудын төр тариалан эрхлэгчдэдээиймтөрлийн дэмжлэг үзүүлдэг. Дэмжлэг өгнө гэдэг мөнгөн тусламжүзүүлнэ гэсэн үг. Бордоо, ургамал хамгааллын бодис хэрэглэхэд 50-100 хувийн хөнгөлөлт үзүүлдэг жишиг байдаг. Манайх буруу арга хэрэглээд байна л даа. Ургуулсан тонн тутамд нь төчнөөн төгрөг гээд амлачихаар ургуулахыг л бодоод чанараа мартчихаад байгаа юм. Буудайдотроо төрөл сортоороо ялгаатай. Хатуу, зөөлөн буудай гэж бий. Энэ хоёр буудай уураг, цавуулгийн агуулалт зэрэг хүнсний технологийн олон үзүүлэлтээрээ ялгаатай. Хатуу буудайн үр уургийн агууламж ихтэй, 17 хувиас дээш байдаг тул ихэвчлэн макарон хийдэг. Гурил, талхны сайжруулагч болгож ашигладаг. Хатуу буудайн хувьд агротехнологийн маш сайн нөхцөлд ургадаг. Зөөлөн буудайг бодвол арчилгаа, хөрсний үржил шим, бордоо, усалгаа их шаарддаг. Манай улс 1990 оноос өмнө хатуу буудайн Харьковская-46, Народная, Мелянопус-26 зэрэг сортуудыг тариалдаг байсан.
-Манай нөхцөлд буудайны чанараа сайжруулъя гэвэл наад зах нь бордооны үйлдвэр байгуулмаарюм байна. Тийм боломж бий юу?
-Чингис, Самурай бондоос санхүүжих магадлалтай 888 төсөл гэж бий. Шалгарч үлдсэн энэ төслүүд дунд ургамлын, хөрсний бордоо хийе гэсэнхэд хэдэн төсөлбайгаа. Анхаарч өгөхгүй байна л даа. Мэргэжлийн яам, Засгийн газраас энэ төслүүдийг дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлбэл бордооны үйлдвэр хөгжихбололцоо бий. Манай улсад фосфор, кали нь байна. Уул уурхайн үйл ажиллагааны явцад гарсан, тэнд хэрэглэгдэхгүй шороон дотор бордооны түүхий эд, элементүүд байна.Жишээ нь төмрийн хүдэр боловсруулах явцад улаан фосфор гэж гардаг. Таван толгойн нүүрсийг угааж боловсруулангуут азот, хүхрийн бордоо гараад ирнэ. Малын бууц, шувуу тахианы сангас манайд ямар их билээ, бордоо болгох бэлээхэн зүйлүүд.
-Таны ярианаас анзаарахад бордоо энэ тэрийг нь худалдаж аваад сайн арчилбал дажгүй чанартай ургац авах боломжтой юм байна. Жишээ нь импортын бордоо үнэтэй учраас тариаланчид худалдаж авахгүй байна уу?
-Импортоор орж ирсэн нэг тонн бордоо манайд 950.000-1.200.000 төгрөг байгаа. Энэ үнийг нь 50 хувь хөнгөлөөд өгчихвөл тариаланчид бордоо худалдаж авна. Үр дүнд нь сайн чанарын улаан буудай хурааж авна. Хурааж авсан үр тарианы тонн тутамд биш бордоонд урамшуулал олгочиход л өнөөдөр үүсээд байгаа шиг асуудал дэгдэхгүй.
-Заавал элит үр гадаадаас авчирч сэлгэх ёстой гэж яамнаас мэдэгдэж байгаа. Нөгөө талд Дарханы Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд сайн сортууд гаргачихсан гэсэн тайлбар бий. Мэргэжлийн хүний бодлыг сонсмоор байна?
-Манай улс 1990-ээд оноос хойш гадаадаас элит үр авчирч тарьж эхэлсэн л дээ. Сайн чанарын үрийг элит гэж тодотгодог юм. Одоо тэгэх шаардлагагүй. Дарханы Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс элит үрүүдийг нь авах хэрэгтэй. Тариачид элит үрийгтарихдаа үрийн талбай гэж тусгай хэсэг гаргах хэрэгтэй. 1000 га-д тариалдаг байлаа гэхэд 150-200 га-д нь тарих ёстой. Ургуулж авсан хойноо дараажил нь нийт талбайдаа тарих учиртай.Энэ маягаар явах ёстой юм. Манай газар тариаланд шинжлэх ухааны үндсийг нь алдуулсан хэд хэдэн ийм дутагдал бий. Юм л бол гаднаас сайн чанарын үр, бордоо, ургамал хамгааллын бодисоруулж ирнэ гэдэг буруу хандлага. Өртөг өндөр зүйл оруулаад ирэхээр тариаланчдад бордоо авч дийлэхгүй бэрхшээл тулгардаг. Тэгээд л бордоогүй тариад байгаа юм. Элит үрийг зүгээр нэг хөрсөнд биш ном ёсоор нь гүйцэд бордсон, ургах орчин нөхцөлийг нь сайтар хангаж өгсөн талбайд тарих ёстой. Тэгж байж сайн үрболж ургана.Гэтэл манайд эсрэгээрээ. Муу талбай дээр сайн үр тариад намар нь муу үр хурааж аваад байна л даа. Энэ бол агрономийн шинжлэх ухааны маш чухал асуудал. Үүнийг л яам анхаарахгүй байна. Газар тариалангийн салбарт шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн зохицуулалт дутагдлаа гээд байгаа нь энэ.
-Тэгэхээр буудайн сортын хувьд монгол эрдэмтдэдээ бүрэн найдаж болох нь ээ?
-Шуудхан хэдэхэд тарих үрээ гаднаас авах шаардлагагүй. Манай улсын ургамлын селекцич эрдэмтэд буудайн олон сорт бүтээсэн. Эх орны анхны Орхон сорт гэхэд 1963 онд гарсан. Зохиогчид нь төрийн шагнал хүртсэн. Түүнээс хойш олон сорт гарсан. Сонгоод тариалах бүрэн боломжтой. Юм л бол гадаадын гэдэг сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй. Агротехнологийн нөхцөлийг нь бүрдүүлээд өгчихвөл гурил, талхны шаардлагыг бүрэн хангах потенциалтай сортууд Монголд бий.
-Импортоор элит үр авбал тариаланчид ирэх жил тариа тарихгүй гэсэн мэдэгдэл хийж байна. Нөгөө талаас сайн чанарын үрийг хойд хөршөөс илүү хямдхан үнээр авна гэсэн тайлбар хэлж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?
-ОХУ-ын Засгийн газар экспортод гаргах улаанбуудайнхаа татварыг нэмэх шийдвэр гаргах гэж байгаагаа сая дуулгачихлаа. Нийтдээ 40 мянган тонн буудай Оросоос авна гэж байгаа. Татвар нь нэмэгдчихээр өндөр үнэтэй орж ирнэ гэсэн үг. ОХУ улаан буудайн татвараа нэмнэ гэдэгнь экспортын буудайндаа хориг тавих эхний алхам ч байж мэднэ. Дотооддоо ингэж дэмий талцсанаас энэ мэтээр тал талаас нь дүгнэлт хиймээр байгаа юм. Цандэлэг, Чинбат тэргүүтэй тариачид "Сайханбилэг гурил үйлдвэрлэгчидтэй хуйвалдаж гадаадаас будаа оруулж ирж мөнгө завших нь" гэж шүүмжлээд байгаа. Тариачид тариагаа борлуулах нь зөв. Гурилын үйлдвэр чанартай гурил хийхийн тулд чанартай будаа авах гэдэг нь ч зөв. Энэ хоёрын дунд асуудал гараад ирэхээр гуравдагч этгээд буюу борлуулагч гэдэг нөхөр зах зээлийн цоорхойг олж харчихаад байгаа хэрэг. Зүй нь гурил үйлдвэрлэгчдийн зүгээс тариаланчдад уураг, цавуулаг нь төчнөөн хувь буудай ургуулаад өг, манайх авъя гэх учиртай. Дотоодын үйлдвэрлэгчид ингэж биенээ дэмжиж байж үндэсний үйлдвэрлэл хөгжинө. Үүнийг зохицуулж өгөх ньтөрийн үүрэг.
-Дахин тодруулж асууя, яг одоогийн нөхцөлд элит үр гаднаас оруулж ирэхээс өөр аргагүй юу?
-Тарих үрийн нөөц Тариалан дэмжих сан дээр хадгалагддаг. Ирэх хавар тарьж болох үрийг ялгаж авсан нь тодорхой. Ирэх хавар заавал гадаадаас үр оруулж ирж тарих шаардлагагүй. Муу үр тариад сайн үр хурааж авч болдог. Арчилгаа, тордолгоо сайн хийхэд л болно. Ингэхээр биологийн хувьд бүх потенциал нь сэргээд ирдэг юм.Яамны анхаарах асуудал бол энэ. "Хаврын нэг өдөр жилийн хүнсийг даана" гэсэн үг бий. Хавар хийх юм шаардлагын дагуу сайн хийгдчихэд л асуудалгүй.
-Дарханы эрдэмтэдтэй хамтраад буудайн чанараа дээшлүүлчих боломж байхад өдий хүртэл чанар муутай буудай асуудал болсоор байна.Энэ салбарыг мөнгө олох арга гэж харсан дурын бизнесмэнүүд тариалан руу орсон учраас чанаргүй буудай асуудал болсон гэсэншүүмжлэл бий. Та үүнтэй санал нийлэх үү?
-Газар тариалангийн чиглэлээр сургууль төгсөөгүй хүмүүсийн хувьд зөв ажиллах гарц уг нь бий. Эрдэм шинжилгээний байгууллагатай гэрээ байгуулаад "Манай үйлдвэрлэлийг өөд нь татаж өгөөч" гэж хандах учиртай л даа.
-Тийм сэтгэл зарим томоохон тариаланчаас гарахгүй байгаа юм биш үү?
-Тийм сэтгэл гарахгүй байгаа нь нэг талаар үнэн. БОИНГ гэж том онгоцны үйлдвэрийн эзэн Уйльям Бойнгоос нэг хүн "Та яаж энэ их амжилтыг бүтээв" гэж асууж л дээ. Мань эр "Мөнгө, эрдэм мэдлэг хоёр миний амжилтыг бүтээсэн" гэсэн хариу хэлсэн байдаг юм. Тариалангийн салбарт өнөөдөр дэгдсэн асуудлыг харахад нэг зүйл тодорхой байна. Шинжлэх ухааны нарийн мэдлэг эзэмшээгүй хэрнээгазар тариалан эрхэлсэн хүмүүснарийн мэдлэг, учирутгыг ньэрдэмтдээс асууж сонирхохгүй байна л даа. Уг нь мөнгө эрдэм мэдлэг хоёр нийлж байж л чанаргүй буудайн асуудал шийдэгдэнэ.
-Байгалийн тогтцын хувьд чанартай ургац хурааж авах боломжтой бүсэд манай улс оршдог гэсэн яриа бий. Шинжлэх ухааны талаасаа хэр зөв мэдээлэл вэ?
-Байгаль цаг агаарын нөхцөл, нарны энерги тусгалын хувьд манай улс маш өвөрмөц тогтоц дээр байдаг. Дэлхийн хуурай гадаргууг аваад үзэхээр баруунаасаа зүүн тийшээ, зүүнээсээ баруун тийшээ, хойноосоо урагш, урдаасаа хойшоо ямар ч ургамлын ургацын чанар сайн байдаг. Тэр тогтоц дээр Монгол байрлаж байгаа. Тодруулж хэлбэл Төв Ази. Өнөөдөр Монголын хөрс шороо үржил шимтэй гэж яриад байгаа нь маргаангүй үнэн. Гэхдээ нарны энерги тусгал их чухал. Бидний ярьдгаар фотосинтезийн процесс эрчимтэй сайн явагдах нөхцөл нарны гэрлээс хамаардаг юм. Чийглэг дулаан орон руу гээд ярихаар буудайн цавуулаг,уургийн агуулга буурдаг. Амт нь ч мууддаг. Хятад, Оросын алимны амт өөр байдаг даа. Оросын алим амттай байдаг нь ийм учиртай. Нарны энерги, цацрагийн ач тус. Монголд ургуулсан ургамал бүр амттай, шимтэй байдгийн учир энэ л дээ.
-Улаанбуудайнхаа чанарт анхаарч, илүү сайн ургац хураан авч экспортоллоо гэхэд бидэнд зах зээл бий юу?
-Буудайн тариалан дэлхийн цөөхөн улс оронд төвлөрсөн байдаг. ОХУ, Казахстан, Канад, АНУ, Аргентин, Өмнөд Америк, Ази руу ороод ирэхээр Хятад байна. Гэхдээ Хятадын хойд тал, Өвөр Монголын нутагт сайн ургах бололцоотой. Цаашаагаа буудайн тариалан үндсэндээ байхгүй. Япон, Солонгос ч олигтой тариалангүй. Чийглэг, халуун дулаан орон учраас сайн ургадаггүй юм. Энэтхэг буудайтай. Гэхдээ Энэтхэг, Хятад хоёр тус бүрдээ тэрбум гаруй хүнтэй улсууд. Тийм учраас Зүүн Өмнөд Ази, Зүүн Азийн улсууд Монголын буудай, гурилыг авахад хэзээд бэлэн. Энэ бүсийн хүнсний зах зээл дээр газар тариалангийнхаа бүтээгдэхүүнээр тоглолт хийх боломж бидэнд бий.
Ц.БААСАНСҮРЭН